|

Б.Жавхлан: Эдийн засаг энэ чигээрээ тогтворжвол хүүхдийн мөнгийг хүртээмжтэй олгоно

Өнөөдөр /2023.05.15/ Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр  Сангийн сайд Б.Жавхлан  хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох боломжтой эсэх талаар дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрээр “Өнгөрсөн жил өдийд эдийн засгийн  нөхцөл байдал амаргүй байсан. Ялангуяа гадаад өрөөс хамааралтай эрсдэл их байлаа. Гадаад өрийн зах зээл дээр Монгол Улс дампуурлаа зарлах өндөр эрсдэлтэй, улстөржилт ч зөндөө  байсан.  Ингээд бид  9, 10 сард төсвөө өргөн барих үед энэ эрсдлүүд мөн л  хэвээрээ байсан.

Өнгөрсөн намар Чингис бондын  үлдэгдэл 136 сая ам.доллар, сая төлсөн 365 сая долларын өр, Засгийн газрын баталгаатай Хөгжлийн банкны  бондууд гэх мэт маш  хүнд нөхцөл байдалтай байсан. 2022 оны эцсээр эдийн засаг ямар байх вэ, хүлээж буй зорилгодоо хүрч чадах  уу, үгүй юу гээд.  Харин бид гадаад өрийн хатуу чанга сахилга баттай байж, нүүрс болон бусад газрын баялагтай холбоотой маш их хуримтлагдсан далд  эдийн засгийг ил болгож, арилжаагаа биржээр явуулдаг болгосноор, Төрийн өмчит томоохон компаниудад онцгой дэглэм тогтоосноор  богино хугацаанд үр дүнгүүд гарч эхэлсэн.

Өнгөрсөн жилийн алдагдал 2.4 их наядаас 900 тэрбум боллоо, 2 тэрбум доллараас доош орно гэж байсан Төв банкны валютын нөөц 3.4 тэрбум доллартай гарлаа. Энэ байдлаа 1-р улиралд хадгалж чадсан, 2-р улиралд хадгалахаар  зүтгэж байна.

Эхний хагас жилдээ энэ байдлаа хадгалж, цаашид энэ байдал хадгалагдах эсэхээ баталгаажуулж чадвал  цалинг инфляцитай уялдуулан нэмэх,  төсвийн бусад зардлаа эргэж харна. Ялангуяа хүүхдийн мөнгө хүлээлт өндөр байдаг  орлого болсон. Өнгөрсөн жил олон улсын валютын санд хүүхдийн мөнгөө 50-60 хувь бууруулах уу, дампуурлаа зарлах уу гэдэг сонголт дээр байсан. Засгийн газар бие даасан өрийн сахилга баттай менежмент явуулсны дүнд өнөөдрийн  жоохон боломж цухуйж ирлээ гэсэн үг.

Хүүхдийн мөнгийг арай илүү хүрэлцээтэй байхаар хүсэлт гаргасан  хүүхэд бүрт өгөх  асуудал  судалгааны түвшинд байна. Одоогийн тогтворжсон байдал сүүлийн хагас жил хадгалагдаад, экспорт энэ түвшинд байвал бидэнд боломж байгаа” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *